Үл Мэдэх Саран дээр

in #news7 years ago (edited)

Оросын "Цагаан ордон" дахь төрийн өндөр албан тушаалын эвэртэн туурайтнуудын шөнийн амьдралын талаар илэн далангүй өгүүлсэн "Мэдлээ, ноён Ерөнхийлөгч өө!" нэртэй ном 2006 оны хоёрдугаар сард хэвлэгдэн гарсан даруйдаа шилдэг номын жагсаалтыг тэргүүлж уншигч олныг байлдан дагуулсан билээ.

Өнөөдөр бид энэхүү "мөнхийн" бүтээлийн зах зухаас уншигч олонтойгоо хуваалцахыг яаравчилсан бөлгөө.

Зохиогч юу өгүүлэв?

Төрөл бүрийн пүүс, компаниудын эрх ашгийг хамгаалсан албан тушаалтнуудын бүлэглэлийн тухай. Нэг нь нөгөөгөө хэрхэн залгидаг тухай. Төрийн өндөрлөгт Москвагийн чекистүүд питерынхээс юугаараа ялгаатай болох? Тэнд бүх зүйл хэрхэн урвуугаар оршин тогтнодог болох, эрх мэдэлтнүүд өөр хоорондоо хэрхэн үгсэн хуйвалддаг талаар өөрсдийнх нь хэлсэн яриа. Тэгэхдээ, эрх мэдэлтнүүдийн овог нэрийн оронд дугаар хэрэглэсэн гэдгийг дурдах нь зүйтэй.

Төрийн аппаратыг хэн гартаа оруулна, тэр ...

... Яагаад, юуны төлөө энэ бүхнийг хийж байгаа нь эрх мэдэлтнүүдийн өөрсдийнх нь хувьд жинхэнэ тайлагдашгүй оньсого...

... Эрх мэдэлтнүүдийн оршихуйн мөн чанар бол зэрэг дэв олж авах явдал. Нэг ёсондоо самурайн нэр төрийн хэрэг. Зэрэг дэв гэж нэг юм байж байх ёстой. Тэгээд л гүйцээ. Чамайг хүндлэх ёстой. Хэлбэр нь ямар ч байж болно. Атаархал, талархалыг сэтгэлээрээ мэдрэн айдас, хайрыг хослуулан хүндэл.

... Гарын үсэг зурах эрхээр хангагдсан эрх мэдэлтэн бүхэн засаглалын хувьцааны эзэмшигч болно... Засаглалын хувьцаа бол (оргил нь биш юмаа гэхэд) хамгийн өндөр хөрвөх чадвартай баялаг ажээ. Зэрэг дэвийг хүссэн үедээ элдэв чирэгдэлгүйгээр мөнгө болгон түвэггүй хувиргаж болно.

... Төрийн албаны эрхтэн, дархтан Би бээр том хар машины (мэдээж албаных, өөр юуных байхав?) арын сандал дэр тухлан сууж, чанга яригчаар орилж хашгирах Лютер Эллисоны (түүнээс өөр хэн энэ хар өглөө хашгичив гэж?) аялгуу дор ямар нэгэн хөгийн зүйлийн тухай бодохоор чармайна, эс тэгвэл дараа нь зав гарахгүй тул ингэж л нэг тархиа ажиллуулахаас.., тэгээд бодлоо: хэрвээ Мадонна Гае Ричигээс салбал түүнд Америк орон дахин таалагдах болов уу?

... Краснопресненский набережной, 62 дахь том байшинд тухлангаа чадах бүхнээ л бид хийлээ. Биднийг террористуудаас (өөр бас хэн байхав дээ?) шоронгийн өргөст тор, Холбооны аюулаас хамгаалахын офицеруудаас бүрдэх хяналтын гурван гадаад цэг, хяналтын хоёр дотоод цэг (металл илрүүлэгчээр хайх, цүнх, савыг рентген туяагаар нэвт шалгах) тусгаарлана. Харин Америкийн тагнуулаас (манай байрны яг эсрэг талд Америкийн элчин байрлана) биднийг "электрон дэлгэцээр" (энэ юу болохыг хэн ч мэдэхгүй, гэхдээ гар утсаар ярихад үнэхээр гайтай саад болдог эд) хамгаална. Ямар нэгэн болчимгүй зүйл гаргахаас сэргийлж видео ажиглалт болон аудио сонсголын дотоод системээр (энэ талаар хэн ч юу ч мэдэхгүй, гэхдээ байгаа гэдэгт бүгд итгэдэг) бидний үйл хөдлөл бүрийг хянана.

... Ажилчдын бухимдал, за тэгээд өөр элдэв ядаргаа хаа мундахав, хэрэв таны хийж буй бүхэн "муу залуусын" авилгалын атгаг санааны үүднээс хийгдсэн болохыг хүмүүс мэдчих юм бол нэг бол албанаасаа халагдах эсвэл Орос орныг аврах төсөл бодож олох хоёр зам л үлдэнэ. Яадгаа алдсан нэг арчаагүй этгээд өөрийнхөө арьсыг эх оронтойгоо хамт аврах төсөл зохиож шогтсон түүх бий. Тэр одоо хаашаа юм, надаар даажигнаад байгаа юм уу? Би өөрөө өөрөөсөө эх орноо аварч харагдаач? Зүгээр байхад зүгээр л байгаарай.

"Зарчмын хувьд шудрага бүтээн байгуулагч гэж байдаггүй..."

... Магадгүй, бусадтай харьцуулахад манай газар авилгалын асуудалтай илүү түлхүү орооцолддог.

Манай газар үндсэндээ бүтээн байгуулалтын асуудал хариуцдаг, гэхдээ шудрага бүтээн байгуулагч олно гэдэг амаргүй даваа. Өөрөөр хэлбэл, зарчмын хувьд шудрага бүтээн байгуулагч гэж байдаггүй гэдэгт миний олон нөхөд бат итгэдэг. Үүнийг зөвшөөрч болно л доо, гэхдээ өөрөөр мэтгэж бас болно. Төсвийн хөрөнгийг хамгийн ихээр хайр найргүй иддэг мангас бол хөдөө аж ахуй, загас агнуур гэж олон хүн үздэг. Гэхдээ л бүтээн байгуулагчдыг шудрага гэж үзэх нь бүтэхгүй хэрэг. Үнэндээ, үнэ хөөрөгдөх, хийсэн ажлынхаа хэмжээг худлаа өсгөж харагдуулахыг чармайдаггүй бүтээн байгуулагч байдаг гэж төсөөлж ч чадахгүй.

Ийм нэгэн жишээ: Санкт-Петербургийг тойрон гарах зам байгуулах нөхцөл байдлын талаар бид газар дээрээ хэлэлцэж суув. Хотын гурван зуун жилийн ойд зориулан энэ замыг барихаар төлөвлөөд байсан юм. За тэгээд энэ бүтээн байгуулалтанд гарах зардлын тооцоонд дүн шинжилгээ хийхээс ажлаа эхлээд нүдэн багцаагаар гүйлгэж харахад л зардал нь дор хаяж гучин хувиар өндөр байгааг олж хармагцаа арааны шүлс гоожив. Энэ бол ойролцоогоор 21 тэрбум рубль (тэр үеийн ханшаар бараг л нэг тэрбум доллар) гэсэн үг.

Мэдээж, энэ мөнгөн дүн бүхэлдээ шууд ил цагаан хулгай гэж анзаарагдахгүй - үүнээс 10 - 12 тэрбум рубль нь өөрсдийн дотоод нөөцөө ашиглан илүү шинэ, дэвшилтэд шийдэл ашиглан хийснээр хаагдана, ингэж батлахдаа үнэ өртгийг буулгаж тооцохгүй (дарга нь Петербург хотын дарга болохоор хэн ч шалгахгүй гэдэг нь ойлгомжтой). Харин үлдсэн 10 тэрбум бол цэвэр хулгай. Түүнчлэн төслийн зохиомж гаргах эхний үе шатанд дахиад 10 тэрбумыг зулгааж бас болно.

Хусмаа чамалсан хөдөө аж ахуйнхан

... Үр тарианы зах зээлийн бодлогын асуудлаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын нөхдүүдтэй харьцах шаардлага нэг удаа тохиосон юм. Тухайн үед буюу 2002 онд ялангуяа өмнөд мужуудад урьд хожид байгаагүй өндөр ургац хураан авч улмаар хар тэнгисийн боомтуудаар дамжуулан хилийн чанад руу идэвхитэй гаргах болсон юм. Мэдээж хэрэг боомтууд пиг дүүрч хаа сайгүй бөөн үймээн шуугиан дэгдэж хажуугаар нь үр тариагаа дараалал алгасуулан хөлөг онгоц руу ачихаар боомтуудын удирдлагыг хэн хүнгүй хахуульдацгаан, нэг ёсондоо жинхэнэ аймшиг нүүрлэв. Товчхондоо, илүүдэл бүтээгдэхүүнээ гадагш гаргах гэсэн оролдлого бүтэлгүйтэв. Ингээд дотоодын зах зээл дээр үр тарианы үнэ унаж эхлэх нь тэр. Нэгэнт товарын будааны ашигт ажиллагааны түвшин улс орон даяар ялгаатай тул төвийн бүс болон Сибирийн үйлдвэрлэгчид толгойгоороо хана мөргөх аюултай байдалд орж эхлэв, үнэ дахиад жаахан л буух юм бол шууд алдагдалд орох аюул тэдэнд нүүрлэлээ.

Тухайн үед энэ бүхнийг яаж ийгээд аргалж зохицуулаад өнгөрөөв, гэхдээ үүнээс улбаалан ердийн улс орнуудын жишгийг баримтлан үр тарианы зохицуулалтын сан байгуулах нэгэн мэргэн санаа Хөдөө аж ахуйн яамныхны толгойд төрөв. Бид одоо ердийн улс биш болж таарах юмуу хаашаа юм? Тэгээд ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хувьд манай улс хэнээс ч дутахааргүй хэвийн улс гэдгээ ерөнхийлөгчид хэдийнэ илтгэчихээд байлаа.

Хөдөө аж ахуйнханд хангалттай их мөнгө, миний санахад бараг 600 сая орчим доллар хуваарилав. Энэ мөнгөөр элеваторт хадгалах үр тариаг элеватор эзэмшигчдээс, өөрөөр хэлбэл тариачдаас хямд үнээр үр тариа худалдан авсан завсрын зуучлагчдаас худалдан авлаа. Элеваторт хичнээн хэмжээний үр тариа хадгалагдаж буй талаар ямар ч тоо бүртгэл байхгүй байсан талаар дурдах ч хэрэггүй. Энэ төсөлд тусгайлан зориулж элеваторууд худалдан авсан Б бүлгийнхэн эндээс чамгүй мөнгө босгосон юм.

Дараа жил нь хөдөө аж ахуйхан маань үр тариа тогтворжуулах санг төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх, тодруулбал үр тариаг хямдарсан үед нь төсвийн хөрөнгөөр худалдан авч (ингэснээр үнэ хэт буурахаас сэргийлнэ) үнэ өндөрсөх үед нь нөөцөлсөн үр тариагаа худалдан борлуулах замаар үнийн хөөрөгдлөөс сэргийлнэ гэсэн шинэ санаа дэвшүүлж эхлэв. Өнгөрсөн жилийн үйл явдлаас ч харсан энэ бол үнэхээрийн авууштай санаа. Гэхдээ цаг ямагт тохиолддогчлон, унац нь чамлалттай санагдсан тул илүү их мөнгө босгохын тулд төсвийн зардлын тодотголоор үр тарианы ургацын прогнозыг зохиомлоор өсгөж тооцон бяцхан засал хийв.

Товчхондоо, үр тарианы илүүдэл гараагүй, онцын шаардлагагүй цаг үед төсвийн ихээхэн мөнгөөр үр тариа худалдан авлаа. Удалгүй худалдан авсан үр тариа аажим, аажмаар зах зээл рүү, юуны өмнө европ руу зарагдаж эхлэв. Гэтэл ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн үр тариа үнэд орж талхны үнэ огцом өсөх нь тэр. Улс төрийн хувьд энэ бол тун тааламжгүй явдал, ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Тавдугаар сар, зургаадугаар сарын хавьцаа үнэ оргил үедээ хүрдэгийг хэн бүхэн мэддэг хэдий ч үр тариагаа нэгдүгээр сард борлуулах хэрэгтэй хэмээн эцэст нь шийдэв. Ингэснээр Хөдөө аж ахуйн яам 700 - 800 сая долларын урьдчилгаагаар үр тариа худалдан авах санал гаргав. Энэ бүхнийг галзуугийн эмнэлэг гэхээс өөрөөр юу гэхэв: хэрвээ ургац авахгүй бол яана, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ дампууруулах уу?

Мөлжигч эхнэрүүд

Нөхцөл байдалд тохируулан суусан газраасаа шороо атгадаг (зах зээлийн үнэ ханш нь 200 - 400 мянган долларт хэлбэлзэх орон сууц хувьдаа үнэгүй авах гэх мэт хууль бус болон хууль ёсны орлогууд) зарим нэгэн эрх мэдэлтнүүдийг түр орхин өгүүлэхэд, төрийн аппаратын ихэнхи ажилтнуудын гол хүсэл нь өрх гэрээ дундаж тансаг амьдралын түвшинд шууд болон дам аргаар хүргэх явдал байдаг...

Хүнд сурталт баялагийн гол хэрэглэгчид нь эрх мэдэлтнүүдийн эхнэрүүд юм. Гэхдээ энэ нь ихэнхи тохиолдолд материаллаг баялгийн тухай яриа огт биш - гол баялаг нь тухайн эрх мэдэлтний нийгэмд эзлэх байр суурь (ихэвчлэн чухал нөлөөтэй), зэрэг дэв байна. Мэдээж хэрэг өмнө дурдсанчлан, зэрэг дэвийг материаллаг баялаг болгон хувиргах бүрэн боломжтой.

Шулуухан хэлэхэд, эрх мэдэлтний гэр бүлийн үндсэн хооллогч нь чухамдаа нөхрийнхөө өндөр зэрэг дэвээр түрий барьж өндөр цалинтай ажилд томилогддог, өөртөө хэт итгэлтэй бардам дээрэнгүй (бас л нөхрийнхөө нөмөр нөөлгөөр даварсан) зантай эхнэрүүд байдаг.

...нууц амрагууд болон бусад үйлчлэгчид

Гэр бүлийн гадуурхи харилцааны талаархи хов жив албан хаагчдын ярих дуртай сэдвийн нэг байдаг. Энэ тал дээр "Цагаан ордон" бол үүлсийн дээрхи үүл гэсэн үг.

... Доод шатны түшмэдийн биеэ авч явах байдал нь түрэмгий (заримдаа хүчирхийлэл нь тэвчишгүй хурц хэлбэртэй) маягийн загвартай - гол төлөв доод шатны залуу, царайлаг бүсгүйчүүдийг дарамталж бэлгийн харьцаа тогтооно. Энэ бол ази маягийн болхидуу хэв маяг.

Харин дээд давхрагынхан илүү эзэнт гүрний тансаг хэв маягаар биеэ авч явна - тэдний сонирхдог хүүхнүүд нь "Цагаан ордны" хил хязгаарын гадна орших гол төлөв урлаг, соёлын салбарынхан (бүжигчид, дуучид, туслах дүрийн жүжигчид, сэтгүүлчид гэх мэт) байна.

... Энэ нь төсөвт хүнд дарамт учруулдаг, учир нь бүжигчид их үнэтэй бөгөөд тэдний гарыг цайлгах мөнгөний ганц эх үүсвэр бол татвар.

Дунд давхрагынханы хувьд гэвэл, тэдний биеэ авч явах байдал нь европын байдаг л нэг баян хүний дэгжин хэв маягийг илтгэнэ. Метросексуализм гэх үү дээ. Мэдээж хумс, хуруугаа будаж маяглахгүй, гэхдээ эрчүүдийн сэтгүүл дээр ямар хэв маяг үнэд орж буйг гярхай ажиглан нийтийн жишгээр их уян хатан чамирхан гангарна. Жишээ нь Бандерасын хэв маяг гэж бий - яагаад ч юм бүх түшмэд "дөрвөн тасалгаат" буюу бөөн бриллант болсон тас хар торгомсог цамц өмсөх дуртай байдаг. Нэг тийм, чичень дээрэмчин маягийн.

Ард түмнийг төлөөлсөн жолооч нар

Ард түмэнтэй харьцах цаг зав байхгүй, тэгээд ч ингэх нь өөрийгөө доош нь хийсэн гутамшигт хэрэг хэмээн тооцогддог учраас эрх мэдэлтнүүдийн өмнө ард түмнийг төлөөлсөн цаасан малгайн бүлэг гэж байдаг. Ийм цаасан малгайн бүлэгт өндөр албан тушаалтны хувийн жолооч, цэвэрлэгч гэх мэт хүмүүс багтдаг...

Хувийн жолоочийн үүрэг роль тэртээх зөвлөлт засгийн үед ч өндөр байсан. Чухамдаа тэдний ачаар коммунист дэглэмийн хүрээнд авч явуулсан ямар нэгэн арга хэмжээ ард түмэнд хэрхэн нөлөөлж байгааг коммунист удирдагчид сорьж шинждэг байлаа. Олон түмэнтэй харьцах энэхүү өвөрмөц суваг өнөөгийн шинэ Орос хүртэл үргэлжилсээр байгаа.

Жолооч хүн олигархиуд, Чубайс ч юмуу "хүчний жигүүрийн" үзэл сурталчдын нөлөөллөөс ангид байдгийг тооцвол мэдээллийн ундрага гэдэг үүднээсээ тэд бол сонин хэвлэл, телевизээс илүү найдвартай эх сурвалж юм. Түүнээс гадна нийгэм судлаачдаас ялгаатай нь жолооч нар хэзээд гарын дор байх бөгөөд тэднийг үзэл бодлоо илэрхийлэхэд нь нэмэлт санхүүжилт шаардагддаггүй.

Тэдний цорын ганц дутагдалтай тал гэвэл эрх мэдэлтний сонирхсон асуултаар бүрэн дүүрэн (ард түмнийг бүрэн төлөөлөхүйц) хариулт өгөх чадвар хангалтгүй байдаг явдал - нефтийн орд газарт нэг шатлалтай татварын орчин бүрдүүлэх тухай, эсвэл мөнгөний илүүдэл урсгалыг тэнцвэржүүлэх төрөл бүрийн арга хэрэгслэлүүдийн харьцангуй үр ашиг зэрэг асуудлаар жолооч хүн гавьтай санаа хэлж чадах нь юу л бол.

Ер нь бол тэтгэврийн шинэчлэл (ээлжит хулхидалт), нийтийн орон сууцны шинэчлэл (Чубайсын сэдсэн ээлжит найраа), телевизийн нэвтрүүлгийн агуулгад хяналт тогтоох (маш цаг үеээ олсон арга хэмжээ) гэх мэт зүйлсийн талаар цагаан ордны жолооч нар өөрсдийн гэсэн үзэл бодолтой байдаг гэдгийг бүгд мэднэ. Түүнээс гадна жолооч нар Москвагийн хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг байнга шүүмжилдэг нь хотын дарга Лужковыг өөрийн халамжлагчаа хэмээн үздэг түшмэдийг ч багагүй сандаргаж тэвдүүлдэг.

Эзэнт гүрний уламжлалт дэг жаягаар жолооч нар эрхэм зарцын үүрэг давхар гүйцэтгэнэ, өөрөөр хэлбэл зах зээлээс шинэхэн ногоо худалдан авах, хими цэвэрлэгээнээс угаасан зүйлс цуглуулах, нууц амрагт нь цэцэг худалдан авах (түүнчлэн "эзнийхээ" хүүхдийг сургуульд нь хүргэх, хажуугаар нь "эцгээ хүндлэх хэрэгтэй", "уйгагүй хөдөлмөрлөхгүйгээр загас барих талаар саналтгүй" гэх зэргээр амьдралын ухаан номлох гэх мэт) зэргээр "эзэндээ" уйгагуй санаа тавина.

Халуун усанд орохдоо орлогчоо бүү дагуул!

"Шоу бизнесийн зүтгэлтнүүд" хэмээгдэгчдийн талаар дуугүй өнгөрвөл алдас болно. Эзэнт гүрний үед хошин шогчид, жүжигчид, дуучидтай ойртон нөхөрлөхийг ямар ч түшмэл таашаадаггүй байсантай харьцуулахад Орос орон ямар ч байсан ардчлалын замаар хол явжээ. Өнөө цагт хэн нэгэн шоументэй дотносоогүй түшмэлийг хайж олно гэдэг ховор. Энэ нь зөвхөн эзэнт гүрний үе болон дараахь үед элбэг тохиолдох өөрийгөө ухаалаг болгон харагдуулахыг чармайх чармайлт төдийгүй түшмэдийн нууцлаг, далд амьдралын сул талыг нөхөн гүйцээж буй гүйцээлт болой.

Өөрийгөө нийгмийн сор элит хэмээн төсөөлөх болсноор түшмэд олон түмнээс тодорхой хэмжээгээр тусгаарлагдах шаардлагатай болдог нь үнэн. Олон түмэнтэйгээ ойр дөт гэсэн ойлголт төрүүлэхээр сайд Ю, өөрийн орлогчийн хамт нийтийн халуун усны газар орсон түүх байдаг, гэтэл маргаашнаас нь уг сайд, орлогч хоёрын хооронд гомосекс харьцаа байж болзошгүй талаар таамаг дэвшүүлсэн мэдээлэл шар хэвлэлээр нэг цацагдаж билээ. Олон нийтийн газраар явахаасаа өмнө хоёронтоо эргэцүүлэн бодох хэрэгтэй.

Харин шоументэй бол өөр хэрэг, сэтгүүлчдийн бүх анхаарал поп од дээр төвлөрч, харин түшмэл сүүдэрт нь (гэсэн ч олон түмний дунд) хав дарагдана. Үүний хариуд шоумен ч түшмэлд анхаарал тавьж эхлэх нь ойлгомжтой.

Түшмэлийг алдаршуулах 15 минут

Түшмэл Дугаар 5 ярьж байна (зохиогч өөрийн ярилцсан түшмэдийн нэрийг нууцлан дугаарласан гэдгийг сана):

Нэг удаа таньдаг сэтгүүлчтэйгээ уулздаг юм байна. Хамтдаа нэг газар сууж жаал жуул юм уугаад хэрэгтэй, хэрэггүй юмны талаар баахан буу халав, ерөнхийдөө хэний оронд хэн очих гэх мэт халаа, сэлгээний талаархи хов жив юм даг. Гэнэт мань нөхөр халсандаа төрийн албаны том газрын даргын "хувийн пиар, зиндааг өсгөх" компанит ажлыг удирдах санал авснаа надад ам алдав. Би тэгэхэд нь хэллээ: за юун сүртэй юм, нэг даргыг 15 минут магтана, тэгээд яана гэж? Гэтэл мань эр надад ингэж хэлэв: түүний нэр хүндийг өсгөх ажил дээр байнгын орон тоо гаргаж өгнө, цалин мөнгө дээр гар татахгүй гэж тэр түшмэл амласан. Би мөчөөгөө өгөлгүй: цаадахь чинь чамайг зүгээр л хошгируулж байна, тэгээд л гүйцээ, түүнд ямар ч мөнгө байхгүй. Харин нөгөө нөхөр нүдээ байдгаар нь бүлтийлгэн: Байгаа. Би өөрийн нүдээрээ харсан. Тэр миний өмнө албаны сейфээ онгойлгоход дотор нь мөнгийг ёстой багсайтал нь өрсөн байна лээ.

Хамгаалагчид

Шөнө дунд өнгөрмөгц, Цагаан ордон дотор шал өөр амьдрал эхэлнэ - Холбооны албаны хамгаалалтын болон бусад албадын манай хамгаалагчид арай гэж нэг юм биднээс салаад дараа нь өөрсдийн дур зоргоор цэнгэх ажилдаа шуудран орно. Тэдний зугаацал, цэнгэл нь ерөнхийдөө хэвшмэл - хөзөр, архи, гудамжны хүүхэн гэх мэт. Хамгаалагчид элдэв төрлийн мансууруулах өвс татсан гэсэн яриа үе үе сонсогддог...

Да, господин президент! НТВ Найруулал

Орос хэлнээс хөрвүүлсэн Б. Эрдэнэбат.
2006 оны дөрөвдүгээр сарын 20

Coin Marketplace

STEEM 0.29
TRX 0.13
JST 0.033
BTC 63175.14
ETH 3047.55
USDT 1.00
SBD 3.63