Хас төрийн тулганы гал бадраах ёслолтой холбогдуулан Адольф Гитлерийн хэлсэн үг

in #social6 years ago (edited)

1930 оны 9 сарын 16, Munich

Угалз хэдийнэ дэгджээ. Асуултаа мурилгүй шулуухан тавъя: сөрөг хүчин, түүний удирдагчдын зорилго юу вэ?

Энэ бол үзэл санааны төлөө тэмцэл - Weltanschhauung: Төрийн төлөө огтоно боож үхэх ёсгүй хэмээх ариун үзэл санаа. Бүхний эхэнд хүмүүс байна. Төр бол эдгээр хүмүүсийн зохион байгуулалтын нэг хэлбэр бөгөөд Төрийн ахуй, зорилго бол зохион байгуулалтынхаа хэлбэрээр дамжуулан хүмүүсийн сайн сайхны төлөө үйлчлэх явдал юм. Энэ бол шинэ соргог санаа тул улс төрийн цоо шинэ тонгорох мэх хэрэглэхийг шаардах нь зүйн хэрэг.

Давтан хэлье: энэ бол цоо шинэ санаа. Манай өнөөгийн улс төрийн төлөвшил нь Төр бол халдашгүй, ариун нандин эрдэнэ гэсэн төрийг бишрэн шүтэх үзэлд гүнзгий суурилсан байдаг. Харин бид үзэхдээ Төр нь өөрийн хэлбэртэй, бас зорилготой байх бөгөөд зорилгоо биелүүлж чадахгүй бол тухайн хэлбэр нуран унах тавилантай хэмээн сэтгэнэ. Үндэстнээ хайрлахаас илүү эрхэм нандин эрдэнэ гэж үгүй бөгөөд хуулийн агуулга нь Төрийг хамгаалах тухай бус харин Үндэстнээ хамгаалах тухай байх ёстой: энэ бол зайлшгүй хөндөх ёстой асуудал мөн...

Төр хэмээх үхмэл, хиймэл байгууламжийн орыг хүмүүн гэх амьд организм эзлэх учиртай. Ингэснээр хөшүүн хөлдүү дөнгөнөөсөө салж эрх чөлөөгөө олох зам нээгдэнэ: хүнээ дээдэлсэн жинхэнэ эрх чөлөөт нийгэм байгуулахаас илүү эрхэм дээд зорилго гэж үгүй.

Парламент бол тэмцлийн зөвхөн нэг л хэлбэр бөгөөд парламентын нам зөвхөн парламентат ёсны төлөө оршин тогтнох ёстой гэж үзэх нь учир дутагдалтай. Яг үнэндээ, парламент бол бидний эцсийн зорилго биш...

Зарчмын хувьд бид бол парламентын нам биш, ингэж үзэх нь үнэхээр утгагүй. Үндсэн хууль гэж нэг том гох дэгээ байгаа учраас өнөөдөртөө бид парламентын нам гэсэн нэр хоч зүүж явна. Гэхдээ энэ бол зөвхөн түр зуурын явдал. Дахин хэлье: бид үндсэн хуульд заасан замаар өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр урагш тэмүүлж байна. Бидний хүсэл мөрөөдлийг ямар ч үндсэн хууль хязгаарлаж чадахгүй.

Үндсэн хууль цаг ямагт, тэр тусмаа зорилго нь хүмүүний язгуур эрхтэй зөрчилдөж буй өнөө цагт, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэгч байж чадахгүй. Үндсэн хуулиар бүгд найрамдах засаглалыг сахин хамгаална хэмээн тунхагласан байгаа нь ард түмнээ бодсон хууль гэхээсээ илүү сонгуулийн тэнэг тогтолцоогоо хадгалж үлдэхийн тулд мурьж буй арга ядсан заль мэхээс өөр юу ч биш юм. Тэгэхлээр бид энэ мэтийн гох дэгээнд бүдрэхгүйгээр өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхээр урагш тууштай тэмүүлэх болно.

Хатагтай хүний хүслийн гурван эрдэнэ нь алтан төр, ариун нэр, авсан эр гэлцэх бөлгөө. Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр бэлэн болно, ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл одно гэдэг биш үү?

Тиймээ, бидний цусаар эрх чөлөө, шудрага ёсны төлөө тэмцэх тэмцлийн алтан гал гүйж яваа. Үүнийгээ олж харж бадрааж чадах аваас өнөөгийн улс төрийн намуудын тэмцээд буй хөгжил дэвшил, аз жаргал, гэр бүл гэдэг зүйлс аяндаа ирнэ. Эхлээд ариун нэрээ олж авна, тэгвэл эрх чөлөө өөрөө ирнэ. Ариун нэрийг эрх чөлөөгөөр бэхэлбэл ашдын жаргал дараа нь бүтнэ: товчхондоо, бидний өмнө түүхийн агуу том зорилго бий. Бид энэ удаагийн ялалтаараа ердөө ганц зэвсэг гартаа орууллаа. Парламентын суудал авах нь манай тэмцлийн эцсийн зорилго байгаагүй, гагцхүү ард түмнийг басамжлан доромжлогчдоос эх орноо үтэр түргэн цэвэрлэн, сэвтэж бузартан, доромжлогдон гутаагдсан нэр төрөө дахин сэргээх их ажил биднийг хүлээж байна.

"Ялалт" бол бидэнд тохирох лоозон биш - өнөөдрөөр ингээд өндөрлөе. Бидэнд лоозон бичихэд тохирох илүү сайн үг бий, энэ бол "Тэмцэл".

Англи хэлнээс хөрвүүлсэн Б. Эрдэнэбат. 2011 оны 12 сарын 1.

Coin Marketplace

STEEM 0.28
TRX 0.13
JST 0.033
BTC 62772.18
ETH 3032.07
USDT 1.00
SBD 3.67